Monday, November 7, 2011

zgr lll soniholtoi yum shg ee

Бүх л дурлалт хосууд хайр сэтгэлээ удаан хадгалж, хэн хэнийгээ гомдоохгүйгээр хайрлахыг хүсдэг. Тиймээс ч хайртыгаа хорвоогийн хамгийн сайн сайхантай зүйрлэн боддог шүү дээ. Гоо сайхан, эрхэмсэг зүйлд дурладаггүй хүн гэж үгүй. Хайртыг тань хайр дурлалын билэгдэл сарнай цэцэгтэй зүйрлэе л дээ. Та сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт хайр сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах хэрэгтэй. 

   Энэ тансаг, булбарайхан цэцгээ өөр хэнийх ч биш зөвхөн өөрийнхийгөө байлгахыг хүсч байвал өөр хэн ч биш зөвхөн та л  арчилж тордох ёстой юм шүү дээ. Та хоёрын бие биедээ баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэглэж байхын үндэс нь итгэл юм. "Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд угаадас мэт бохир усаар биш, шим тэжээлт цэвэр усаар ундаалах хэрэгтэй байдаг шиг түүнийгээ өөрийн байлгахын тулд хараал зүхлийн, хар хорын үгээр бус хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх хэрэгтэй. Хорвоод зөвхөн хайрт эр, хайрт бүсгүй л таных, харин та түүнийх байна гэдэг итгэл л та хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн билэгдэл болж байдаг"
   Утга учиргүй хардалт нь сайхан цэцгийг угаадсаар усалж байгаатай адил. Та болон таны хайртын аз жаргалын эх булаг дундаршгүй хайрын ундарга нь ИТГЭЛ шүү дээ. Итгэл нь сэтгэл өөдрөг, тайван амьдралын баталгаа, бат бөх хайр сэтгэлийн бэлэгдэл билээ.  
  ...Олон жилийн өмнө би Улаанбаатараас баруун аймагруу нойтон цас хаялсан, жихүүн үдэш явж байхдаа Архангайн Тариатын нутагт байдаг Суман голын нэгэн харзанд "ганц хун шувуу" өвөлжиж байхтай таарч, удтал харж зогссон юм. Хайр сэтгэл,  гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болсон хун шувууны ганцаардал, гуниглал яагaад ч юм сэтгэлд минь нэг л гуниг төрүүлж хүн төдийгүй хун шувуу, бусад амьтан, ургамал цэцэгс хүртэл хосоороо байхдаа ямар их гэрэл гэгээ цацруулж, баяр баясгалан мэдрүүлж байдгийг ойлгосон юм.
   Бид хүний ертөнцөд хайр сэтгэлийн тухай өгүүлж, магтан дуулахдаа зөвхөн "хайр"-ыг нь салган алдаршуулдаг хирнээ нөгөө 2 чухал тулгуур "хүндэтгэл", "итгэл"-ийг нь мартаж орхидог. "Хайр"-"Хүндэтгэл"-"Итгэл" энэ 3-ыг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л хайр сэтгэл, бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог юм шүү дээ.
   Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө нэг их хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болж орхидог. Бид 2 бие биедээ хайртай мөртлөө яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ?! Эсвэл яагаад салж орхивоо?! гэж олон хосууд гайхацгаадаг. Хайртай мөртлөө бүдүүлэг үг хэлээр харааж загнаад байдаг, эсвэл бусадтай хардаад байдаг бол таны амьдрал тэгш сайхан болж чадахгүйд хүрнэ.
   Аргагүй шүү дээ! Ганц юмуу 2 бөөрөнхий чулуун дээр тогоо тавиад цай чанаж болдоггүй, заавал 3 чулуу тулж байж гал түлж тогоо тавин цай чанадагтай адил "хайр-хүндэтгэл-итгэл" хэмээх гурван тулгуурын аль нэг нь дутахад амьдрал болж чаддаггүй.
   Тиймээ! Та хоёр бие биедээ маш их хайртай, өдөр бүр бие биедээ байгаа сайхан чанарыг олж харан баярлаж, бахархдаг, хэзээ ч бие биедээ худлаа хэлэхгүй, бас хуурахгүй гэж итгэдэг бол амьдрал чинь цаг ямагт гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ, цай чинь үргэлж буцалж, халуунаараа байж, тогоотой цай чинь aсгарахгүй болно.
   Тогоотой цайгаа асгахгүйн тулд хамтдаа 3 чулуугаа тулж, үргэлж тэгшилж бат бэх суурилуулж байх хэрэгтэй. Хэрэв аль нэгэн чулуу дутагдвал, та 2 хамтдаа тэр чулууг олж бий болгож байж тогоотой цайгаа асгахгүй байж чадна. Энгийн мөртлөө энэ үнэнийг л мэдэрдэггүйгээс болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирдөг.
Эцэс сүүлд нь "яагаад", "юунаас болчихов оо?" гэж бодсоор хариуг нь эс олж чадна. Зарим нь бүх насаараа л "үнэн"-ий эрэлд хатна.
 Залуусаа! Бие биеэ чин сэтгэлсээсээ хайрлаж, бие биеэ шагшин магтаж, бахархаж, бие биедээ итгэгтүн! Аль нэг нь байхгүй бол хоёул тэврэлдэж суугаад ярилцаж зөвлөлдөж үүнийг бий болгогтун!  Бие биеэ хайрладаг атлаа хэрэггүй муу үгээр бүү гомдоогтун! Монголчууд 3-ын тоог бэлэгддэг.
Хүний амьдралын хайр сэтгэлийн нандин гурван тулгуур, "Хайр"-"Хүндэтгэл"-"Итгэл" гурвыг бүү салгагтун!  Та хоёр насан туршдаа бие биедээ хязгааргүй хайртай байж, бие биеэ хүндлэн дээдэлж, халуун итгэлийн илчинд омог бардам байг.

0 comments: